Хvvхдийн номын каталог, ваучерын туршилт
Товч танилцуулга
Хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалт
Хэвлэлийн газруудаас ирүүлсэн номнууд
Ном сонгох зөвлөл
Ном сонгох зөвлөлийн ажлын тайлан
Шалгарсан номын жагсаалт
Хүүхдийн номын каталогийн боловсруулалт
Каталогийн хүргэлт, ирүүлсэн номын захиалга
Хөдөөгийн сургуулиудаас ирүүлсэн номын захиалга
Товч танилцуулга
READ төслийн дараагийн шатны ажил нь хөдөөгийн сум, багийн сургуулиудад өмнө нь хvргэгдсэн ангийн номын санг шинэ ном бvтээлээр сэлбэн баяжуулах зорилгоор хvvхдийн номын каталогийг хэвлvvлэн хvргэж, номын захиалгыг ваучерын аргаар туршин явуулах явдал байв.
Хүүхдийн номын каталогийг хэвлэн, хөдөөгийн сургуулиудад хүргэх ажлын гол зорилго нь цаашид хөдөөгийн сургууль, байгууллага болон хүн ам нь өөрсдийн хүүхдүүддээ зориулж каталогоос ном захиалж худалдан авах боломж байгааг туршилтаар нээн харуулж өгөхөд оршино.
Энэ дагуу төслөөс урьдчилан хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласны дагуу хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулсан.
READ төслөөс хуваарилсан тодорхой хэмжээний төсвийг I-III болон IV-V ангиудад ялгаатайгаар хуваарилан энэ үнийн дүнд багтаан хүүхдийн номын каталогоос тухайн ангийн сурагчид нас, сонирхолдоо нийцэхүйц номыг ангийн багштайгаа хамтран сонгож, захиалан авах боломжтой.
Хүүхдийн номын каталогийг хэвлэн гаргахад шаардагдах бэлтгэл ажлуудыг хийх сонгон шалгаруулалтанд Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэг (БХАН) шалгарсан билээ.
Хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалт
READ төсөл БХАН-тэй хамтран хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалтыг 2009 оны 2-р сарын 9-ны өдөр Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулсан. Уулзалтыг READ төслийн зөвлөх, олон улсын хэвлэлийн ажилтан ноён Жулиан Ватсон удирдан явуулав. Уулзалтанд Интерпресс, Бэмби сан, Адмон, Мөнхийн үсэг, Эдо паблишинг зэрэг 30 гаруй хэвлэлийн газраас төлөөлөгчид ирж оролцон мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо.
Хүүхдийн номын каталогт орох номонд тавигдсан шаардлагууд:
- 2009 оны 1-р сарын 31-нээс өмнө хэвлэгдэн зах зээлд худалдаалагдаж буй
- Монгол, казах хэл дээр хэвлэгдсэн
- I-V ангийн хүүхдийн нас, сэтгэхүй, сонирхолд нийцсэн
- Зохиогчийн эрхийг Монголын оюуны өмчийн газарт бүртгүүлсэн
- Уран зохиолын болон зохиолын бус, шүлгийн болон цуврал номууд
- READ төслийн эхний шалгаруулалтанд ороод сонгогдоогүй номууд
Хүүхдийн номын каталогт ном оруулах сонирхолтой хэвлэлийн газрууд тухайн хэвлэгдсэн номын нэг хувь, хэвлэлийн газрын эрх мэдэл бүхий ажилтны гарын үсэгтэй номын үзүүлэлтийг бөглөсөн хуудас, Монголын оюуны өмчийн газарт бүртгүүлсэн зохиогчийн эрхийн гэрчилгээний хамт Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэгт II/16 - III/6-ны өдрүүдэд ирүүлсэн.
Хэвлэлийн газруудаас ирүүлсэн номнууд
БХАН нь READ төслөөс төлөвлөн гаргасан ном ирүүлэх хугацаанд багтааж шаардлага хангасан 384 номыг 21 хэвлэлийн газраас хүлээн авсан. Хамгийн их ном ирүүлсэн хэвлэлийн газраар нь ангилсан жагсаалт:
- Мөнхийн үсэг компани - 112
- Интерпресс – 73
- Монсудар хэвлэлийн газар – 38
- Би Си Ай – 26
- Сэлэнгэ пресс – 24
- Ирмүүн – 18
- Полиграф – 15
- Номын хишиг – 14
- Экимто – 13
- Эдо – 11
- Нэпко – 9
- Бемби сан – 6
- Урлах эрдэм – 6
- Топ дизайн – 5
- Битпресс – 4
- Ган принт – 3
- Гариг ертөнц – 3
- Өнгөт хэвлэл – 2
- Саунд оф Монголиа – 1
- Таван луу – 1
Ном сонгох зөвлөл
БСШУЯ-ны сайдын 2009 оны 5-р сарын 21-ны өдрийн 215 тоот тушаалаар сонгон баталсан 6 хүний бүрэлдхүүнтэй “Ном сонгох зөвлөл” нь хүүхдийн номын каталогт оруулах номыг шалгаруулсан.
Зөвлөлийн бүрэлдэхүүн:
- Гадаад харилцааны яамны сайд асан, орчуулагч Ц.Гомбосүрэн
- МУБИС-ын утга зохиолын тэнхмийн эрхлэгч Д.Оюунбадрах
- Хүүхдийн номын ордны каталогич Д.Жавзанпагма
- Нийслэлийн 2-р сургуулийн бага ангийн багш Г.Цэрэндэжид
- Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Дашцэрмаа
- Боловсролын хүрээлэнгийн бага ангийн сургалтын агуулга хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ш.Оюунцэцэг
Зөвлөлийн гишүүдийн нэгээс бусад нь ангийн номын сангийн ном шалгаруулах зөвлөлд оролцож байсан туршлагатай.
READ төсөл ном сонгох зөвлөлийн гишүүдийн уулзалт, сургалтыг 2009 оны 6-р сарын 17-ны өдөр БХАН-ийн байранд зохион байгуулсан.
Ном сонгох зөвлөлийн дарга Ц.Гомбосүрэн зөвлөлийн гишүүдэд ирсэн номуудыг хэрхэн үнэлэх шалгуур үзүүлэлт, тавигдах онооны талаар нэгдсэн ойлголттой байх тусгай сургалт зохион байгууллаа. Ном сонгох зөвлөлийн нарийн бичиг Г.Цэвэлмаа ажлын 5 өдрийн зохион байгуулалт болон хуваарийн талаар танилцууллаа.
Ном сонгох зөвлөлийн ажиллах журам:
- Зөвлөлийн гишүүд 384 номонд үнэлгээ хийх ба ном нэг бүрт 4 гишүүн тус тусдаа үнэлгээ хийсэн байхаар зохион байгуулагдсан.
- Нэг номонд хийх үнэлгээний хугацааг тогтоохгүй ч нэг гишүүн нэг номыг уншиж үнэлэхэд 5-10 минут зарцуулахаар тооцоолсон. Ном тус бүрийг 4 гишүүн үнэлэх ба нийт хүн/цагаар бодвол нэг номонд 20-40 минут зарцуулна.
- Зөвлөлийн гишүүд ажлын 8 цагаар 5 өдөр ажиллах.
- Гишүүн тус бүр өдөрт 48 ном, ажлын 5 өдөрт ойролцоогоор 240 номонд үнэлгээ хийнэ.
- Ажлын өдөр зөвлөлийн гишүүдийн бүртгэлээр эхлэх ба шалгаруулсан номыг БХАН ажилтнууд бүртгэнэ.
Үнэлгээний маягтад ном тус бүрт наад зах нь 4 гишүүний үнэлгээ хийгдэнэ.
- Ажлын өдрийн эхэнд өмнөх өдрийн ажлын явц, үр дүнг хэлэлцэх хурлыг БХАН зохион байгуулна.
- Бүх номыг үнэлж, гишүүд оноогоо тавьсаны дараа БХАН-ийн ажилтан номын код бүхий хүснэгтэд 4 гишүүний үнэлгээний дунджийг тэмдэглэж, онооны дарааллыг эрэмбэлэн бичнэ.
Ном сонгох зөвлөлийн гишүүд нь дараах үзүүлэлтээр номыг үнэлнэ:
- Агуулга, арга зүй - 30 оноо
- Хэл найруулгын түвшин - 20 оноо
- Номын өгүүлэмж ба дизайн - 20 оноо
- Зураг чимэглэл - 30 оноо
- Хамгийн дээд оноо - 100
Ном сонгох зөвлөлийн ажлын тайлан
Ном сонгох зөвлөлийн гишүүд 5 өдөр ажиллан нэг хүн өдөрт 48, 5 хоногт нийт 240 ном уншиж үнэлгээ өгсөн. Гишүүд ярилцаж, хэлэлцсэний дагуу дараах шийдвэрийг гаргалаа:
- 75 ба түүнээс дээш оноотой 270 номыг тэнцүүлэх
- Шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй 75 – аас доош оноотой 114 номыг хасах.
- Зарим номонд зөв бичгийн дүрмийн алдаатай үг мэр сэр байгаад хэвлэлийн газрууд анхаарч залруулга хийх эсвэл дахин засч хэвлүүлэх
Давуу талууд:
- Нэгээс бусад гишүүн өмнө нь энэ зөвлөлд ажиллаж байсан туршлагатай тул ажиллахад хүндрэл бэрхшээл бага гарсан
- Худалдаанд гарсан болон өмнө ангийн номын сангийн сонголтод ороод хасагдаж байсан номууд байсан тул уншиж, үнэлэхэд хугацаа хэмнэх тал ажиглагдсан
- Унших явцад гарч буй асуудлыг дор бүр нь ярьж шийдэлд хүрч ажилласан
- Гарын авлага, материал сайн байсан нь ажил амжилттай явагдахад чухал нөлөө үзүүлсэн
Цаашид анхаарах зүйлс, сургамж:
- Ирүүлсэн номонд хэвлэлийн алдаа болон зөв бичгийн дүрмийн алдаа багагүй байгааг харгалзан номын каталог гарахаас өмнө номд залруулга хийх эсвэл дахин засч хэвлэх
- Энэ удаа монгол, казак хэл дээр ном хүлээн авсан ч казак хэлээр унших гишүүн байсангүй. Цаашид тухайн хэлийг мэддэг хүнийг зөвлөлд оруулж байх
- Ном сонгон шалгаруулах үзүүлэлтэнд цаашид зөв бичгийн дүрмийг нэмж оруулах шаардлагатай
Шалгаруулалтанд тэнцээгүй 114 номыг харахад агуулга хүндэдсэн, үг үсэг, найруулга, зөв бичгийн дүрмийн алдаа ихтэй, агуулгын хувьд ач холбогдол багатай, зурж будах номууд байсан.
Шалгарсан номын жагсаалт
Анх номоо ирүүлсэн 21 хэвлэлийн газрын 384 ном, бүтээлийг ном сонгох зөвлөл шалган, үнэлэлт хийсний дагуу 18 хэвлэлийн газрын 270 нэрийн номыг хүүхдийн номын каталогт оруулахаар шалгаруулсан.
270 номын жагсаалт
Хүүхдийн номын каталогийн боловсруулалт
БХАН нь хэвлэлийн газруудын төлөөлөгчдөд ном сонгох зөвлөлийн ажлын тайланг танилцуулж, хүүхдийн номын каталогт ном нь шалгарсан хэвлэлийн газруудыг тухайн номын товч мэдээллийг CD-гээр ирүүлэхийг хүслээ.
Хэвлэлийн газрууд нь дараах мэдээллийг CD-д бичиж өгөх юм:
- Номын нэр
- Зохиогчийн нэр
- Хэвлэлийн газрын нэр
- ISBN дугаар
- Номын хэмжээ, формат
- Хуудасны тоо
- Анги
- Үнэ
- Тухайн номын нүүр хуудасны фото зураг (зургын файлын ямар ч формат байж болно)
- Ном доторх аль нэг зурагтай хуудасны фото зураг (зургын файлын ямар ч формат байж болно)
- Номын талаар товч тайлбар, агуулга (300 үгэнд багтаах)
READ төсөл хэвлэлийн газруудын дунд сонгон шалгаруулалт хийж хүүхдийн номын каталог хэвлэх газрыг сонгосон. Ашиг сонирхлын зөрчилдөөн гаргахгүйн үүднээс ном ирүүлсэн хэвлэлийн газруудыг сонгон шалгаруулалтанд оролцуулаагүй. Сонгон шалгаруулалтанд Виндзор хэвлэлийн газар шалгарч READ төсөлтэй гэрээ байгуулан нэг сарын дотор хүүхдийн номын каталогийг эмхэтгэн хэвлүүлэх үүрэг хүлээлээ.
Виндзор хэвлэлийн газар нь гэрээгээр А4 форматтай 140 хуудастай, нэг хуудсанд 2 номын танилцуулгыг багтаан каталогийг нийт 1000 хувь хэвлэх юм.
Хүүхдийн номын каталогт шалгарсан номын мэдээллийг агуулсан CD-нүүдийг Виндзор хэвлэлийн газар БХАН-ээс хүлээн авч, компьютерт оруулан мэдээллийг шалгаж, дутуу мэдээллүүдийг хэвлэлийн газруудаас тухай бүрт нь шаардаж авсан. Номын мэдээллийг оруулан каталог хэлбэрт шилжүүлэхэд 300 үгэнд багтаан ирүүлсэн номын агуулга хэт урт, нуршуу, номоо магтсан, үг үсэг, найруулгын алдаатай байсан учир монгол хэлний мэргэжилтэнг тусгайлан хөлсөлж агуулгыг товчилж эмхэтгэн, алдааг засуулсан.
Уг засуулсан текстийг хэвлэлийн газруудад буцаан өгч өөрсдөөр нь шалгуулан хэвлэлийн газрын эрх мэдэл бүхий ажилтны зөвшөөрсөн гарын үсэгтэй хувийг хүлээн авсны дараа мэдээллийг каталогт засч орууллаа.
Каталогийн загварыг хэд хэдэн төрлөөр хийлгүүлж, хэвлэлийн дизайны мэргэжилтнүүд болон ердийн хүмүүст үзүүлж, тэднээс санал авсны дагуу өнгө будаг, мэдээллийн байрлал, арын фоны өнгө зэргийг өөрчилсөн. Номын нэр, анги, үнэ болон номын агуулгын алдааг 5-6 удаа шалган засуулсаны эцэст хүүхдийн номын каталогийг хэвлүүлсэн.
Каталогийн хүргэлт, ирүүлсэн номын захиалга
БХАН нь хүүхдийн номын каталогтой хамт тараах номын захиалгын хуудас, зааврыг бэлтгэсэн.
Мөн READ төсөлтэй ярилцаж, санал бодлоо солилцон зөвхөн ангийн номын сантай 1-5-р ангийн бүлгүүд хүүхдийн номын каталогоос ном захиалах боломжтой гэж үзлээ.
Ангийн номын сан хүлээн авсан 3520 бүлгийг ангиудаар нь ялган READ төслийн ном захиалан авах тодорхой хэмжээний төсвийг I-II анги, III-V ангиудад ялгаатайгаар хуваарилсан. Энэхүү төсөв нь I-II ангиудад 40 ам.доллар буюу 56000 төгрөг, III-V ангиудад 57 ам.доллар буюу 79800 төгрөг ноогдож байгаа юм.
Сум, багийн сургуулиудын I-V ангийн бүлгүүд харилцан адилгүй байгаагаас үүдэн каталогийг 391 сургуульд тус бүр нэгийг тараахад олон бүлэгтэй сургуульд хүрэлцэхгүй, бүлгүүд ном сонгоход хугацаа их шаардагдах тул тухайн сургуулийн бүлгийн тоо 7 хүртэл байвал 1 каталог, 7-с дээш тохиолдолд 2 каталог хүргэхээр бодож нийт 617 каталог хуваарилсан.
БХАН хүүхдийн номын каталогийг хөдөөгийн сургуулиудад хүргүүлэхээр READ төслийн өмнөөс Монгол Шуудан ХК-тай гэрээ байгуулж, хүүхдийн номын каталог, номын захиалгын хуудас, ном захиалах заавар, сургуулийн захиралд хандсан захидал, бага ангийн багш нарт зориулсан зар зэргийг дугтуйлж сургууль тус бүрээр нь хаяглан хүлээлгэн өгсөн.
Хөдөөгийн сургуулиудаас ирүүлсэн номын захиалга
Шууданг хүлээн авсан сум, багийн сургуулийн захирал READ төслөөс илгээсэн захидал, ном захиалах зааврыг сайтар уншиж, ангийн номын сантай бүлгүүдэд каталогийг өгч номын захиалгыг хийлгүүлсэн. Ноогдсон төсөвт багтаан бүлэг бүрээс ирүүлсэн номын нэр, тоо ширхэгийг нэгтгэн захиалгын хуудсан дээр зөв бөглөн, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж захидлаа БХАН-т ирүүлэх ёстой.
БХАН нь 391 сургуулийн 3520 бүлгээс ирүүлсэн нийт захиалгын хуудсыг сайтар нягтлан үзэж, хуваарилсан төсөвт багтаж байгаа эсэх, илүү гарсан үнийн дүнг тухайн сургууль төлөх эсэхийг шалгасны эцэст захиалгын дүнг нэгтгэн мэдээллийн сан үүсгэсэн.
READ төсөл БХАН-ээс ирүүлсэн хэвлэлийн газруудаар нь ялгасан номын захиалгын тоо, үнийн дүн бүхий мэдээллийг үндэслэн хэвлэлийн газруудтай гэрээ байгуулж номыг захиалгын тоо ёсоор хүлээн авлаа.